Tuesday, November 13, 2012

ОЮУТНЫ ЦАГААР ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХЭД ЗУУЧЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ЖУРАМ

ОЮУТНЫ ЦАГААР ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХЭД ЗУУЧЛАХ АЖЛЫГ 
ЗОХИОН БАЙГУУЛАХ ТҮР ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү түр журмын зорилго нь оюутны цагаар хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйл ажиллагаанд зохион байгуулалт, санхүүжилтийн шинэ хэлбэр нэвтрүүлэх замаар оюутан суралцагчдын чөлөөт цагаар ажил хийх сонголтыг өргөтгөж, тэдний орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөрийн харилцааны төлөвшлийг бүрдүүлэхэд чиглэсэн оюутны хөдөлмөрийн биржийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд оршино.
1.2 Оюутны хөдөлмөрийн бирж нь цагийн ажил хайж буй оюутан суралцагчдыг бүртгэх, цагийн ажлын захиалга өгсөн ажил олгогчийн захиалгыг авч, зуучлах үйл ажиллагааг эрхлэн явуулна. Оюутны хөдөлмөрийн биржийг туршилтаар нийслэлийн хөдөлмөрийн газрын дэргэд байгуулах ба биржийн орон тоо, үйл ажиллагаанд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих шинэ ажил үйлчилгээний хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
1.3 Оюутны хөдөлмөрийн бирж нь зөвхөн суралцаж буй оюутан суралцагчдад цагаар хөдөлмөр эрхлэх ажилд зуучлах үйлчилгээ үзүүлнэ. Зуучлах үйлчилгээг ажил хайгч оюутан болон ажлын захиалга өгсөн ажил олгогчдын мэдээллийн нэгдсэн сүлжээ, мэдээллийн санд тулгуурлан зохион байгуулна.
1.4 Ажил хайгч оюутан болон ажил олгогчдын захиалгыг бүртгэх, захиалгад хяналт тавих, зуучлах үйл ажиллагааг зохион байгуулах, зуучлалын үр дүнгээр санхүүжүүлэх, урамшуулал олгох, зуучлалын үйл явцад хяналт тавих үүргийг Нийслэлийн хөдөлмөрийн газрын дэргэдэх оюутны хөдөлмөрийн бирж цаашид (ОХБ) гэх төвлөрсөн байдлаар гүйцэтгэнэ.
1.5 Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг сонгосон их дээд сургуулийн дэргэд байгуулж, хөдөлмөрийн биржийн үйл ажиллагаанд хамруулан мэдээллийн нэгдсэн сүлжээнд холбох ба оюутнуудыг хөдөлмөрийн зах зээл дээр бэлтгэх, ажлын дадлага туршлага олгох, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн зөвлөх үйлчилгээ, аж ахуй эрхлэлтийн сургалтыг зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлнэ.

Хоёр. Оюутны хөдөлмөрийн биржийн зохион байгуулалт
2.1 Оюутны хөдөлмөрийн биржийн зохион байгуулалтын үйл ажиллагаанд доорхи байгууллага, иргэд оролцоно. Үүнд:
Оюутны хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааны мэргэшил арга зүйн удирдлагыг нийслэлийн хөдөлмөрийн газрын дэргэдэх ОХБ гүйцэтгэж, дараах үүргийг хүлээнэ.
1.Ажил хайгч оюутан болон ажлын өгсөн ажил олгогчдыг бүртгэх, мэдээллийн нэгдсэн сүлжээний веб сайтыг ажиллуулах
2.Ажлын байрны захиалгыг бүртгэх, түүнд тавигдах шаардлагыг хянах, зөвшөөрөх
3.Ажлын байрны захиалга, түүнд зуучлах үйл ажиллагааг зохион байгуулах, ажлын байрны мэдээллийг бүртгэгдсэн суралцагчдад хүргэх
4.Цагийн ажлын байранд зуучлалын үр дүнгээр нийтийг хамарсан ажлын түр байранд нөхөн олговор олгох болон урамшуулал олгох болон урамшуулал олгох санхүүжилтийг хийх
5.Оюутны цагийн ажлын зуучлалын үйл ажиллагааны явцад хяналт тавих
6.Хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцсэн цагийн ажлын байрны хэрэгцээг тодорхойлж, ажил олгогчид болон ажил хайгч оюутан суралцагчдад мэдээлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, тайлагнах
2.2. Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааг зохион байгуулахад дараах үүргийг хүлээнэ.
1.Ажил хайгч оюутнуудын захиалгыг авах, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлэх
2.Оюутны цагийн ажлын байрны захиалгын талаарх мэдээллийн ажил хайгч оюутнуудад мэдээлэх
3.Ажил хайгч оюутнуудад хөдөлмөрийн зах зээлийн төлөв байдлын талаар мэдээлэл өгөх, ажлын байранд тавигдаж буй шаардлага, хэрэгцээнд нийцсэн сургалт, зөвлөгөөг зохион байгуулах
4.Шаардагатай эрх зүйн болон хөдөлмөр нийгмийн хамгаалалын асуудлаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, цагийн ажилд зуучлуулагч оюутнуудаас зуучлалын үйл ажиллагааны үр дүнгийн талаар мэдээлэл цуглуулах, түгээх, мэдээлэх
5.Ажил олгогч байгууллагуудтай хамтран төгсөгчдийг ажлын байраар хангах, ажилд зуучлахад туслалцаа үзүүлэх
6.Цагийн ажлын зохион байгуулалт, ажлын байрны хэрэгцээ шаардлагад судалгаа хийх, хяналт тавих
2.3. Ажлын байрны захиалга өгсөн ажил олгогч байгууллага дараах үүргийг хүлээнэ.
1. ОХБ-ээс оюутны цагийн ажилд зуучлахад тавигдах шаардлагад нийцүүлсэн ажлын байрны захиалгыг ОХБ-ийн зөвшөөрснөөр захиалга өгөх, ОХБ-тэй хамтран ажиллах гэрээ байгуулах
2. Ажлын байрны захиалгын нөхцөл, ажил мэргэжилд тавигдах шаардлага нь дэлгэрэнгүй тодорхой байх, цагийн ажлын хөлс нь ОХБ-ээс тавигдаж буй цагийн ажлын үнэлгээнээс доошгүй байх Зуучлалын үйл ажиллагааг хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн шаардлагад нийцүүлэн зохион байгуулах
3. Зуучлалын үр дүнгээр олгох нөхөн төлбөр болон урамшуулалыг ажил үйлчилгээг зохион байгуулж дууссанаас хойш төлбөрийн баримт бичгийг бүрдүүлэн ажлын 5 хоногт ОХБ-тэй тооцоо нийлэн авах
4. Суралцагч оюутны эзэмшиж буй мэргэжлийнхээ дагуу ур чадвар эзэмшихэд чиглэсэн цагийн ажлын байранд зуучлагдах, зохих дадал чадварыг эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх
5. Суралцагч оюутны цагийн ажлын хөлсийг хөдөлмөрийн гэрээ болон ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны үндсэн дээр мөнгөн хэлбэрээр олгох
6. Суралцагч оюутнаас ОХБ-тэй хамтран ажиллах гэрээнд зааснаас илүү нэмэлт нөхцөл, зардлыг оюутнаас гаргуулахгүй байх
7. Оюутны цагийн хөдөлмөр эрхлэлттэй холбогдсон мэдээ тайланг ОХБ-т тогтмол мэдээлэх, тайлагнах

2.4. Ажил хайгч оюутан дараах үүргийг хүлээнэ.
1. Ажил хайж байгаа ажлын байрны захиалга, өөрийн чадварын талаарх мэдээллийн үнэн зөв тодорхойлох, мэдээллийн санд бүртгүүлэх
2. Ажлын байрны захиалгыг хүлээн авснаас хойш 3 хоногт багтаан ажилд зуучлагдах хүсэлтээ гаргах, цагийн ажилд зуучлах
3. Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ эсвэл ажил гүйцэтгэх гэрээ байгуулах замаар цагийн ажлыг гүйцэтгэх
4. Ажлаа гүйцэтгэж дууссаны дараа гэрээнд заасны дагуу хөдөлмөрийн хөлсийг авч, холбогдох баримт бичгийг ажил олгогчид нөхөн төлбөр, урамшуулал олгох төлбөрийн хэрэгсэл болгон үлдээх
5. Цагийн ажилд зуучлагдах явцдаа ажлаа бүрэн дуусгаагүй буюу дуусгах болсон тухайгаа ОХБ-д мэдэгдэх
6. Ажлын байрны захиалгад өөр этгээдийг орлон гүйцэтгүүлэхгүй байх ба зөвхөн өөрөө уг ажлаа дуустал хийх

Гурав. Оюутны хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааг зохион байгуулах зарчим, төрөл хэлбэр
3.1 Оюутны хөдөлмөрийн биржийг зохион байгуулах үйл ажиллагааны зарчим нь мэдээллийн нэгдсэн сүлжээнд ажил хайгч ба ажлын байрны захиалга өгсөн талуудыг холбож, тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан хөндлөнгийн хяналтыг тавих замаар оюутны цагийн хөдөлмөр эрхлэлтийн оновчтой тогтолцоог бий болгоход санхүүгийн тодорхой дэмжлэгийг үзүүлэхэд оршино. Энэхүү үйл ажиллагааны хөндлөнгийн хяналт санхүүжилт, зохицуулалтыг ОХБ зохион байгуулна.
3.2 Оюутны цагийн ажил гэдэгт суралцагч оюутнууд хичээлийн бус чөлөөт цагаараа оройн 22 цаг хүртэл хугацаанд өдөртөө 6 цагаас илүүгүйгээр зугаа цэнгэл хонжворт тоглоом, албадан хөдөлмөр эрхлэлтээс бусад аливаа ажил үйлчилгээг хийж болох ажлын байрыг багтаана.
3.3 Оюутны цагийн ажил нь доорхи үндсэн шаардлагыг хангасан байна.
1. Хийж гүйцэтгэх ажлын цагийн үнэлгээ нь 1000 төгрөгнөөс доошгүй байна.
2. Эзэмшиж буй мэргэжлийнхээ дагуу ур чадвар эзэмшүүлэх, дагалдан сургалт бүхий ажилд болон нийтийг хамарсан ажлын түр байранд нөхөн олговор, урамшуулалыг авах боломжтой байна.
3. Ажилд зуучлалын үйл ажиллагаа нь үнэ төлбөргүй байна.
4. Зохистой ажлын байрны үзэл баримтлалд нийцсэн ажлын байрны захиалга байна.
3.4 Ажил олгогчоос захиалсан ажлын байр нь цагийн ажилд зуучлагдах нөхцлийг хангасан байхын зэрэгцээ ажлын хөлсийг мөнгөн хэлбэрээр хөдөлмөрийн гэрээ эсвэл ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр олгогдоно.
3.5 Оюутны цагийн ажил доорх төрлүүдээр зохион байгуулагдана. Үүнд:
1. Мэргэжил шаардагдахгүй ажлууд. Нийтийг хамарсан ажлын захиалга нь байгаль орчныг хамгаалах, арчлах, цэвэрлэх, хог хаягдалыг зайлуулах гэх мэт ажлууд байх ба энгийн мэргэжил шаардахгүй ажлуудыг хамруулна. Цагийн хөлс нь 1000 төгрөгнөөс доошгүй байх ба долоо хоногт 30-аас илүүгүй цагтай, өдөрт үргэлжлэх хугацаа 6 цагаас хэтрэхгүй байна.
2. Мэргэжлийн ур чадвар эзэмшүүлэх ажлууд. Эзэмшиж буй мэргэжлийнхээ дагуу ажил олгогчийн захиалсан ажлын байранд ажиллах ажлуудыг хамруулна. Цагийн хөлс нь 1500 төгрөгнөөс доошгүй байх ба долоо хоногт 20-иос доошгүй цагтай, өдөрт үргэлжлэх хугацаа 4 цагаас хэтрэхгүй байна. Ажил олгогчид урамшуулалыг олгож болно.
3.  Мэргэжлийн дагалдан сургалт бүхий ажлууд. Эзэмшиж буй мэргэжлийнхээ дагуу дадлагын ажлын байранд захиалгын дагуу ажиллах ажлуудыг хамруулна. Цагийн хөлс нь 2000 доошгүй байх ба долоо хоногт 20-иос доошгүй цагтай, өдөрт үргэлжлэх хугацаа 4 цагаас хэтрэхгүй, ажил олгогчид цалингийн нөхөн олговрыг олгож болно.

Дөрөв. Оюутны хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааны санхүүжилт, хяналт, тайлан мэдээлэл
4.3 Оюутны хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааны зардлыг Нийслэлийн хөдөлмөрийн газрын үйл ажиллагааны санхүүжилтийн хэсэгт тооцон төсвөөс санхүүжүүлнэ. Биржийн орон тооны ажилтны зардлыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх ба биржийн мэдээллийн сан байгуулах, түүний тогтвортой байдлыг хангах үйл ажиллагааны зардал төсвөөс санхүүжигдэнэ.
4.2 Нийтийг хамарсан ажилд олгогдох цагийн хөлсний зөрүү нөхөн олговрыг нийтийг хамарсан ажлыг зохион байгуулах журмын дагуу ур чадвар эзэмшүүлж буй цагийн ажилд олгох урамшуулалыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн ажил олгогчийг дэмжих арга хэмжээнйи хүрээнд олгох журмын дагуу олгоно. Санхүүжилтийн хэлбэр нь суралцагч оюутнаас ажил олгогчид холбогдох баримт бичгийг үлдээж тодорхойлсон гарын үсэгтэй төлбөрийн тооцоо болно. Төлбөрийн тооцоог үндэслэн ОХБ-ээс ажил олгогчид мөнгөн төлбөрийг хийнэ.
4.3 Ажил олгогч нь суралцагч оюутанд олгосон төлбөрийн тооцоооны баримт бичгийг ажлын 5 хоногийн дотор ажил үйлчилгээ зохион байгуулж дууссанаас хойш ОХБ-тэй тооцоо нийлж төлбөрийн зөрүүг авна. Оюутны төлбөрийн тооцоог ОХБ хянан үзэж төлбөрийн зөрүүг ажил олгогч байгууллагад шилжүүлнэ.
4.4 Оюутны цагийн хөдөлмөр эрхлэлтийн хяналтыг ОХБ, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв хариуцан гүйцэтгэх ба хөндлөнгийн хяналтыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хийнэ.
4.5 ОХБ-ээс зохион байгуулсан үйл ажиллагааны үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүдийг хагас жилд нэг удаа хөндлөнгийн үнэлгээний байгууллагаар дүгнэлт хийлгэж, үнэлгээний тайланг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд хүргүүлэх, тайлагнах ажлыг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас зохион байгуулна.
4.6 ОХБ үйл ажиллагааны талаарх тайлан мэдээ нь бүртгүүлсэн ажил олгогч байгууллагын тоо, зуучлалд хамрагдсан оюутны тоо, цалин хөлсний төлбөрт хийгдсэн санхүүгийн тоо мэдээ зэрэг сар тутмын тайлангаас бүрдэнэ.
4.7 Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар нь нийслэлийн хөдөлмөрийн газрын биржийн үйл ажиллагааны тайланд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дараагийн тайлант хугацааны үйл ажиллагааны санхүүжилтийг Оюутны хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааг дэмжих, санхүүжүүлэх гэрээний дагуу олгоно.

No comments:

Post a Comment